Аяллын нэр
Элсэн тасархай, Хархорин музей, Эрдэнэзуу, Хөшөө Цайдам
Үнэ
1 pax 1.440.000 төг, 2 pax 720.000 төг,
Хугацаа
1шөнө, 2өдөр
Ангилал
  • Элсэн тасархай

    Өвөрхангай аймгийн Бүрд, Булган аймгийн Гурванбулаг сумдын нутгийг дамнан Батхаан уулын баруун талаас эхэлж Хөгнө хаан уулын баруун талаар сунаж тогтсон 80км орчим урт элсэн манхан юм. Төв зам элсэн манханг хоёр хувааснаар өмнөд хэсэг нь Монгол элс, хойд хэсэг нь Хөгнө Тарнын элс гэж нэрлэгддэг. Тарнын голын нөлөөгөөр тогтсон элсний чийгэнд бургас, хайлаас, яргай зэрэг бутлаг ургамал ургана. Хойд талд нь Хөгнө хаан хэмээх хадат уул, урд талд нь Их Монгол хэмээх Монгол орны хүйс цэгийг баримжаалах уул оршино. Элсэн толгод нь Тарнын голын эх болох Шарлин, Жаргалант голуудын бэлчир, Их Монгол уулын орчимд хамгийн өргөн буюу 9-10км тархсан байдаг. Их Монгол элс нь ургамлаар хагас бэхлэгдсэн учир нүүлт хөдөлгөөн харьцангуй бага боловч сүүлийн жилүүдэд малын бэлчээр болгон ашиглаж даац хэтрүүлсэн учраас нүүн шилжих болсон байна.

    Хархорум хот

    Дундад зууны Монголын эртний нийслэл Хархорин хот шинжээч судлаачдын анхаарлыг хамгийн ихээр татдаг юм. Хархорин хот 140 жил оршин тогтсны 32 жил Монголын эзэнт улсын нийслэл байв. Хот 2 хороололтой байжээ. Сарацины (Лалын хороолол) зах зээл ба олон гудамжтай нөгөө нь гар урчууд суудаг Хятадын хороолол. Энэ хоёр хороололоос гадна янз бүрийн ястан үндэстэн, мөргөл шүтээний 12 сүм дуган байв. Хотын захад лалын 2, христос шашны 1 сүм байв. Хот 1215, 1268 онд их түймэрт автсан. Хятадууд хэд хэдэн удаа (1380, 1466 онд) эвдлэн нураасан боловч тухай бүрд сэргээн босгож байсан байна. Нийслэлд 1238 онд баригдсан Өгөөдэй хааны ордон онцгой байр эзэлж байв. Энэ ордныг Түмэн амгалан гэж нэрлэдэг байв. Энэ ордон газраас дээш өргөгдсөн өндөр довжоотой, 64 баганатай байсан бололтой. Ордны шалыг ногоон хавтангаар хийж ханыг нь янз бүрийн зургаар чимсэн байжээ. Мөн дээврийг нөгөөн, улаан ваараар бүржээ. Хархорин хотод Өгөөдэй хааны хүүхдүүд, төрөл садныхны болон бусад хааны удмынхны нэлээд олон тооны орд харшууд баригдаж байжээ. 1950 онд Хархорум хотын өмнөд хаалганы орчмоос анжисны 18 төмөр хошуу, 3-21 см голчтой 52 төмөр цөн, жадны үзүүр 2 хүрэл хонх, зэр зэвсэг зэрэг үйлдвэрийн бүтээгдэхүүн мөн газар тариалан хэрэглээний зүйлс олджээ. Үүнээс авч үзэхэд тус хот газар тариалангийн багаж зэр зэвсэгийг нэлээд хэмжээгээр үйлдвэрлэж байсан байна. Ваар, шаазан, туйпуу шатааж Монгол маягийн ногоон паалан цутгадаг, зуух байсан ул мөр байна. Гаргаж байсан уг бүтээгдэхүүн дээрээ уран дархчууд өөрийнхөө гарын хээ тавьж сайн чанартай гэсэн өвөрмөц баталгааг гаргадаг байжээ. Монголын мөнгөн тэмдэгт дээр байдаг Хархорумын усан оргилуурыг христийн шашны тэнгэрийн элчтэйгээр дүрсэлсэн байдаг. Харин сүүлийн үед буддын шашинт орнуудын үлгэр домгийн шувуу байж магадгүй гэсэн хувилбар дэвшүүлээд байна.

    Эрдэнэзуу

    Эртний Хархорум хотын агуу түүхийг агуулсан газарт байгуулагдсан. Монголын анхны буддын шашны хийд. 1580 онд Абатай сайн хан, дүү Түмэнхэн ноёны хамт Гутгаар Далай ламтай уулзаж өөрийн нутагт сүм хийд байгуулахаа амласанд, Далай лам Хархорум хотын нэгэн хуучин сүмийг сэргээхийг зөвлөсний дагуу 1585 онд эртний Тахай балгасан дахь сүмийг сэргээн босгож дуусгасан нь одоогийн Эрдэнэзуу хийдийн гол зуу сүм гэж  Өндөр гэгээний намтар хэмээх гар бичмэлд бичжээ. Ийнхүү хийд босгоход Хархорум хотын туурийн чулууг ашигласан байдаг.

    Дараа нь 1586-1674 онд гурван зуу сүмийн чуулбар ба Ригсүм гомбын сүмүүдийг барьжээ. Эрдэнэзуугийн III ширээт лам Лувсан-Одсэр хуучин Тахай балгасын хэрмийн нурангийн 4 өнцөгт нэг нэг суварга босгосон нь одоогийн хэрмэн хашааны эх суурь болжээ. Тус хийд 1680-аад оны үед дайны хөлд үрэгдсэн бөгөөд XVIII зууны эхнээс сэргээн босгож эхэлжээ. 1701-1705 оны хооронд Очирдарь бурхны сүм болон Авид бурхны сүмийн цогцолбор, Төвийн Их суваргын чуулбаруудыг босгожээ. 1771 оноос 1792 оны хооронд Цогчин Их дуган болон одоо байгаа Ламиран сүмийн цогцолборыг VII ширээт лам Дагвадаржаа удирдан байгуулжээ. 1796 онд Эрдэнэзуу хийдийн их засварын ажлыг Дагвадаржаа ламтан ерөнхийлөн удирдаж Хятадын Юн-да-а пүүстэй үнэ тохиролцон хийдийн барилгуудыг засуулсан байна. Энэ засварын үеэр 1796 оны өмнө баригдсан сүмийн барилгуудыг засуулсны гадна, хуучин Тахай балгасын хэрмэн нурангийг суурь болгон 50 ширхэг суварга босгосон байна. 1802-1813 оны хооронд буян үйлдэгч хаад, тайж, бэйл, лам, ардын хөрөнгөөр өмнө барьсан суваргуудын завсар хооронд нэмж 56 суварга болон хэрмэн ханыг барьж дуусгасан байна. Түүнээс хойш 1803 онд Дашчойлин аймгийн дуган, 1826 онд Даржаа гомун аймаг, Жанчивлин аймгийн дуган босгогджээ. Ийнхүү 1872 он гэхэд дотор нь байсан 62 сүмийг бүрэн сэргээн босгожээ.

    Хөшөө Цайдам дахь Түрэгийн дурсгалт газар

    Монгол-Түркийн хамтарсан судалгаа хамгийн сүүлийн үед дорвитой судалгааг хийж, олдворыг нарийн сайхан тайлбарсан нь олны хүртээл болж, холын хүнд соньхон үзмэрийн нэг болжээ.

    Хархорин сумаас зүүн тийш засмал замаар 46 км явж, энэ дурсгалт газар байх бөгөөд 6-8-р зууны үед Орхоны хөндийг эзэгнэж байсан Түрэгийн түүхэн дурсгалт газар юм.

    Хөшөө Цайдам музейд Билгэ хааны онго, тахилга, түүнийг малтах явцад олж илүүлсэн хааны эрдэнийн шувуу зуусан дүрс бүхий цул алтан титэм, алтан эдлэл, ээмэг зүүлт, мөнгөн буга зэргийг байрлуулжээ.

    Энэ том хөшөө нь Билгэ хаан, өөрийн дүү жанжин Күль-Тегинд зориулж босгожээ. Хөшөөний бичээс эртний Руни бичиг бөгөөд анх Судар бичгийн хүрээлэнгийн Д. Нацагдорж хөшөөг хамгаалалтанд авах саналыг гаргаж, хамгаалалтанд авч байсан бол билгүүн эрдэмтэн Б. Ринчин бичгийг анх орчин цагийн Монгол хэлнээ хөрвүүлсэн гэнэ. Түрэг болоод Тан улсын харилцаа мөн үед эв найртай байсан бөгөөд Күль-Тегин жанжин нас барсанд гашуудсан эмэгнэлийн захидал ирүүлсэн тул түүнийг хөшөөний ар талд Билгэ хаан сийлүүлсэн.

  • Төлбөрт орсон:

    • 1 хоног гэр бааз
    • 4н хоол
    • бүс нутагт нэвтрэх хураамж
    • үзвэр үйлчилгээний хураамж
    •  Түлш, Унаа
    •  Жолооч 

    Төлбөрт ороогүй:

    • Даатгал
    • Согтууруулах ундаа
    • Ариун цэврийн зэрэглээт зүйлс
    • Хувийн хэрэгцээтэй зүйлс /эм тан, тос, тусгай өмсгөл, цүнх, камер.,г.м/
    • Хөтөлбөрт дурдаагүй бусад бүх зүйлс
  • ·         Улаанбаатараас баруун тийш Элсэн тасархай руу 280 км аялж хүрнэ.

    ·         Хархорин сум, Эрдэнэзуу хийдэд хүрнэ. Хийд болон Хархорум музейг үзэж сонирхоод, Хархорумын бэлгэдэл Мэлхий чулуу, Эр хүний чулуу, Эзэнт               гүрнүүдийн газрын зураг бүхий чулуун хана зэрэг дурсгалыг үзнэ.

    ·         Хөшөө Цайдам

    ·         Баазад бууж оройн хоол иднэ

    ·         Чөлөөт цаг – Орхон голын эргээр явган аялал хийнэ.

Танд тусламж Хэрэгтэй юу?

7012 0202