Аяллын нэр
Аглаг бүтээлийн хийд
Үнэ
120.000 төг
Хугацаа
1 өдөр
Ангилал
  • УБ хотоос баруун хойш 92 км засмал замаар, 7 км шороон замаар явж хүрэх зайд буюу Төв аймгийн Борнуур сумын Нарт багийн “Далын ам” хэмээх газарт оршдог. Урьд энэ нутагт “Далан хар” хэмээх булаг урсаж, эргэн тойронд нь Далий ягаан хэмээх цэцэг ихээр ургадаг байсан учраас ийн нэрийджээ. Тус ам байгаа уулыг Гарьд хэмээх агаад хад, мод алагласан, уулын сүрлэг үзэмжийг илтгэсэн газар юм. Тэрхүү сайхан тогтоцыг түшиглэн мөргөл залбирал үйлдэх буддын шашны ариун дагшин сүм музейг байгуулжээ. Үндэслэн байгуулагч нь ард олноо “бурханч лам” хэмээн алдаршсан Г.Пүрэвбат бөгөөд энэхүү сүмийг “Өлзийг бадруулагч хийд орон” болно хэмээн айлдсан байдаг.

     
  • Сүмийн бэл хүртэл машин явах боломжтой бөгөөд түүнээс цааш зам дагуу явган аялж хүрнэ. Гадаад хүн: 5000 төгрөг, Том хүн: 3000 төгрөг, Хүүхэд: 1000 төгрөг 

    Аяллын үнэд

    • 1 шөнө гэр бааз
    • Унаа
    • Түлш
    • Жолооч
    • Хөтөч
    • бүс нутагт нэвтрэх хураамж
    • 3н хоол
  • Сүмийг зорин очиход хамгийн түрүүнд “Асарт хаалга” угтах ба хаалганы дээд талд “Язгуурын гурван бурханы суварга” залагдсан байдаг. Хөх, цагаан, улбар шар өнгийн суваргууд байх ба Хөх өнгөөр монголчуудыг ивээгч сахиус Очирваань бурханыг, цагаан өнгөөр аливаа аюулаас аврагч Чагши Жанрайсиг бурханыг, улбар шар өнгөөр оюун ухааныг дээдлэгч Манзушир бурханыг төлөөлүүлжээ. Мөн зарим тохиолдолд “Насны гурван шүтээн” болох Аюуш, Жүгдэрнамжил, Цагаан дар эхийг төлөөлүүлэн улаан, шар, цагаан өнгийн суваргыг залах нь буй.

     


    Лусын рашаант суварга, Сэтэрт мод, Цагаан лянхуа хүрд, Аглагийн сүм, Сонин содон зүйлийн музей, Газрын даруулга яст мэлхий, Алтан өндөг, Найман хөлт арслан, Үст загас, Дархлагдсан мод, Үүдэн хад, Эргэх хавцал, Арга билгийн шүтээн, Эхийн сав, Амьдралын үүд мод, Заан хад, Ембүү хад, Лам хад, Тэнгэрийн нударга хад, Мөр хад, Суудал хад, Хүрдэн гишүүнт мод, Гулсдаг хонгил, Үдэлтийн суудал хад, Очирваань бурханы хөрөг гэх мэт газруудыг үзэж танилцан аялснаар тус хийдэд зорчих ариусал мөргөлийн аялал өндөрлөнө.

     

    Асарт хаалгаар нэвтрэхийн тулд насанд хүрэгчид 3000 төгрөг, хүүхэд багачууд 1000 төгрөг төлөх учиртай. Сүмийн бэл хүртэл машин явах боломжтой бөгөөд түүнээс цааш зам дагуу явган аялж хүрнэ. Гарьд уулын энгэр рүү өгсөхөд нэлээд эгц бөгөөд хөл муу аялагчид болон ахмад настнуудын хувьд бэрх байж магадгүй. Өгсөх замд нэгэн булаг байх ба түүнийг хамгаалан жижиг сүм барин, гадагш цорго гаргажээ. Ходоод гэдэсний эмгэгт сайн гэх тус рашаанаас халуун өдөр ундаасаж цангавал хүртэх боломжтой.

     

    Гарьд уулын энгэр дэх өвөрмөц хад чулууны тогтоцыг урам сэтгэмжээр хөглөн арслан биетэй, хангарьд толгойтой амьтны дүрсэд хувирган “Арслан гарьдын хүү найман хөлт арслан” урлажээ. Буддын шашны үлгэр домогт сүм хийдийн хамгаалагч амьтадаар арслан, хангарьд зэрэг амьтад өргөмжлөгдсөн байдаг учраас тус сүмийн хамгаалагч гэдэг утгаар бэлгэдэн бүтээжээ. “Газрын даруулга яст мэлхий” нь эртнээс нааш монголчуудын шүтэж ирсэн урт удаан нас, амар амгалангийн бэлгэдэл ажээ. Хийдийн зүүнтээ загасан толгойтой, халиу биетэй “Үст загас” хэмээх чулуун сийлбэр байх ба эдгээр хоорондоо үл зохицогч амьтадыг ийнхүү эвлүүлэн тавьсан нь “сайныг бэлгэдсэн учиртай” хэмээн бурханч ламтан өгүүлнэ. Сүмийн өмнөх талбайд олон төрлийн сарнайн модыг тарьж ургуулжээ.

     

    Аглагийн сүмийн дотор гадар талд ургаа том чулуу байх агаад түүнийг “Өөрөө үүдсэн ширээ” хэмээнэ. Анх сүмийг барихаар буурь засах гээд тэрхүү чулууг зүсэж хагалан авахаар завджээ. Гэтэл гэнэт түймэр дэгдсэн байна. Бурханч лам тэр шөнө нэгэн зүүд зүүдэлтэл нөгөөх чулуу тод үзэгджээ. Тэрхүү чулууг хөдөлгөж болохгүй юм байна хэмээн ойлгоод сүмийнхээ дотор талд үлдээн Жанрайсиг бурханы зүрхэн тарни “Маанийн зургаан үсэг”-ийг сийлэн мөнхөлжээ.  Сүмийн хойморт “шамбалын орон буюу оюун ухааны орон”-ыг урлан бүтээж бурхан багш, язгуурын таван бурхан, цагаан дарь эх гэх мэт олон энэрэнгүй бурхадын баримал дүр, тэдэнд өргөл болгож олон өнгийн чимэглэл бүхий балингуудыг засаж байрлуулсан байдаг. Түүний баруун хананд эмэгтэйчүүд, тэр дундаа эх хүүхдийг авран нигүүлсэх Ногоон дарь эхийг залсан бол эсрэг талд нь ертөнцийн амьтан бүхнийг энэ яваа насанд нь өвчин зовлон, аливаа муу бүхнээс авран хамгаалах, эцэс хойт насанд нь сайн мөрийг олох хүртэл бодьсадын байдлаас огт урвахгүйгээр шашныг сахиж, амьтны тусыг үйлдэхийн тангарагтай номын сахиус Балданлхам бурхан, хүний энэ насны явдлыг шүүн тунгаадаг Эрлэг номун хаан буюу Дамдинчойжоо бурханы хөрөг дүрийг залсан байна. Мөн тус сүмд буддын шашны их хөлгөн сударын хураангуй Ганжуур, дэлгэрэнгүй сургааль Данжуурыг хүндэтгэн өргөжээ. Аглаг бүтээлийн сүмд эдгээр бурхадыг уламжлалт танка буюу шороон будгийн зураг, торгон зураг буюу зээгт наамал, зэсээр цутгаж алтдах, цаасаар шуумалдаж бүтээх зэрэг бурхан бүтээх бүхий л аргаар урласан бүтээлүүд буй.

     

    Мөн бурханч лам Г.Пүрэвбат лам болон түүний шавь нарын урласан эрт галавын үед л байсан болов уу гэхээр мутант хэлбэрийн луу, арваалж, лус, савдагийн дүрслэлүүдийг үзэж болно. Монгол орны өнцөг булан бүрээс олдсон элдэв хэлбэрт чулуу, модны үндэс, өвөрмөц байгалийн бусад зүйлсийг ашиглан бурханч ламтан бясалгалын зүүд нойрондоо харсан үлгэр домгийн мэт хийсвэр амьтадыг урлан сүмийг ийнхүү чимэглэжээ.    

     

    Сүмийн зүүн талаас 2 дугаар давхарт гарах ба голын танхимд Монголын сүүлчийн хаан, YIII Богд хаан Жибзундамба, хатан Дондогдуламын хөрөг, бурханч ламтан Г.Пүрэвбатын урлахуйн ухааны хоёр их багшийн хөрөг дүрийг залжээ.  Гарьд уулын “эзэн савдаг” хэмээх шувуун далавчтай, хүний биеийн дүрстэй, этгээд хачин бэлэг эрхтэнтэй амьтныг бүтээж байрлуулжээ. Бурханч лам Г.Пүрэвбат үе үе удаан хугацаагаар тус газар оронд бясалгал үйлдэн байх үест энэхүү хийд буй эргэн тойрны уул хангайн бүхий л эзэд, тэдний элч амьтадыг бясалгалын зүүд нойрондоо харсан хэмээнэ. 2 дугаар давхарын хамгийн цаад талын өрөөнд сонин содон зүйлийн музей байх агаад бурханч ламтны цуглуулсан, этгээд хачин амьтадын “жинхэнэ” үзмэрүүд бий. Тухайлбал, анаконда аварга могойн арьс, аварга матарын арьс, ганц эвэртэй морины гавал, 4 эвэртэй хуц, 6 эвэртэй бор гөрөөс, 1 эвэртэй янгир, 6 соёотой гахай, эвэртэй туулай, цэцгэн эвэрт гөрөөс, 5 толгойтой загас гэх мэт сонин содон амьтадын үзмэрийг олдсон газар усны нэртэй нь хамт танилцуулан дэлгэсэн байна.

     

    Аглаг бүтээлийн сүмийн “адал явдалт явган аялал” сүмийн ард байх “дархлагдсан мод”-ноос эхэлнэ. Хатаж гандсан модны мөчрөөс нэг мөчир салаалан гарч, саглагар ногоон болон ургажээ. Тийм учраас тус модноос урт нас, эрүүл энхийг хүсэн залбирдаг. Сүмийн орчинд хэрхэн аялах талаар замчилах жим үүсгэсэн байдаг ба түүнийг даган олс татаж бэхэлжээ. Тэрхүү олсыг даган аялах хэрэгтэй болно. Замын хувьд цастай, бороотой үед хальтиргаа гулгаа үүсгэж мэдэх, салхитай үед шороо тоос босгож мэдэх зөөлөн хөрстэй.  Дархлагдсан модны дараа “зуурдын хавцгай”, “арга билгийн шүтээн”, “эргэх хавцал” гэх мэт байгаль эхийн урлангуудаар зочилж тойрч, шургаж, магадгүй мөлхөж гарна. “Арга билгийн шүтээн” гэх хад нь холоос харахад эмэгтэй хүний хэлүү мэт хэлбэртэй бөгөөд дундах завсарт нь бурханч ламтан эр хүйсийн тэмдэгийг урлан залж ийнхүү нэрийджээ. Ламтаны хэлснээр энэхүү “арга билгийн шүтээн”-д мөргөж залбирах учиртай бөгөөд “дараа төрөлдөө өндөр дээд төрөлд мэндлэх”-ийг хүсдэг гэнэ.

     

     

    “Эхийн сав” хадны зүүн талаас шургаж орон баруун тийш гарсан нүхээр мэндэлж гарах ёстой. Энэхүү хадаар шурган гарснаар тухайн хүний энэ насандаа үйлдсэн нүгэл хилэнц, мунхаг сэтгэл арилна. Хад руу шургаж орсон бол буцаж болохгүй ба зайлшгүй мөлхөх шаардлагатай болно. 

     

    “Ембүү хад”-ыг нар зөв гурав тойрон олз омог дуудаж хүсдэг.  “Лам хад” нь холоос харахад завилаад сууж буй хүн шиг харагдана. Хувраг хүнд мөргөж буй үйлдэл хийж бурханы шашин мандан бадрахын хүслийг шивнэх учиртай аж. “Тэнгэрийн нударга хад” хэмээх чулуунд зангидсан гараар цохичихсон юм шиг хэв үлдсэн байдаг. Түүнийг эрч хүчний бэлгэдэл болгон шүтэх учиртай. “Мөр хад”-нд өөрийн нэг хөлөөр гишгэж, явж буй зам харгуйгаа аюул осолгүй байхыг хүсэж гуйдаг гэнэ.

     

    Аглагийн сүмд зочлохдоо элдэв хадаг яндар, архи сүү, арц хүж, идээ будаа авчрах шаардлагагүй аж. Учир нь сүмийн орчинд хог хаягдал үүсэж, элдэв эхүүн муухай үнэр танар бий болно хэмээн сэргийлдэг. Хамгийн гол нь цэвэр агаар амьсгалан, тархи оюунаа амраан, бурханы шүншиг аравнай оршоосон хад чулуу, бурхад, сүмийн орчноос сайн сайхан энерги, эрч хүчийг авах нь л чухал ажээ.

     

     

    Сүмийн баруун урд орчинд бурханч лам Г.Пүрэвбатын амьдардаг сууц, зүүн урд талд “Их хишиг” зоогийн газар, түүний урд тус хийдийн лам нарын сууц, ажилчин ажилтнуудын гэр хэмээх монгол гэр тэргүүтэн байрлажээ. Мөн хийдийн орчинд туулай, могой, галуу, тахиа, нохой гэх мэт амьтад аялагч олон түмнээс айж цочих аюулгүй амьдарцгаадаг. 

     

Танд тусламж Хэрэгтэй юу?

7012 0202