Чингис Хааны Онгонод Бараалхах аялал

Аяллын тухай

 Чингис Хаан 1227 онд Тангадын Баруун Ся улсыг дайлаар мордож яваад хүндээр өвчилж тэнгэрт халив. Хаан эзний алтан шарилыг хасаг тэргэнд залж эх нутгийнх нь зүг явтал Муна уулын өвөрт хасаг тэрэгний дугуй булдаа хүртэл шигдээд татан гаргаж эс чадав. Хаан эзний сүнсийг Сөнөдийн Гилгүдэй баатар аргадан дуудсанаар “хасаг тэрэг хангирсан хөдөлж, хамаг улс баясгалан болсон” тул өмссөн цамц, өргөө гэр, өрөөсөн оймсыг нь тэнд онголон тахижээ. Энэ үеэс Чингис хааныг “Хамаг улсын шүтээн” болгон тахидаг болов.

    Өгөдэй хааны үед Чингис хааны онгон, Их Эзэн Хороо хэмээх байнгын тайлга тахилгын газрыг байгуулсан. Чингис хааны онгоны Их Эзэн Хороонд монгол цэргийн догшин Хар сүлд, байлдааны бүрээ, мөн БоорчиМухулай, Чингис хааны хатан Бөртэ, Хулан, отгон хөвгүүн Тулуй нарын тайлга тахилга нэмэгджээ.

    Хубилай 1295 онд Чингис хааны “Дөрвөн цагийн тайлгын хурим”-ын ёс журмыг тогтоожээ. Үүнд, хаврын сүүл сарын хорин нэгэнд Чингис хааны ерэн есөн цагаагч гүүг барьж цагаан сүргийн цацал өргөх, зуны дунд сарын арван тавнаа ерөн есөн цагаагчин гүүний уураг үрсийг гаргасны өдөр, намрын сүүл сарын арван хоёронд унаганы ногт шилбийг эвхсэнээр намрын ногт ширгийн хурим, өвлийн тэргүүн сарын шинийн гурванд Чингис хааны мялаалгын хурим хийнэ.

    Хубилай хаан Чингис хааны онгоны Их Эзэн Хороог эхлээд Дээд Нийслэл буюу өнөөгийн Өвөр монголын Долон нуурын Шандуд, дараа нь Хатан голын Бор Тохой дахь Ордост шилжүүлэн суурьшуулсан. Чингис хааны Эзэн хороог тухайн үеийн Монголын олон овог, аймаг, түмт, мянгатыг төлөөлүүлэн шилж сонгож авсан 500 өрх хариуцан сахиж, тахилгыг гүйцэтгэж байв. Тэднийг бүх алба татвараас чөлөөлж, зөвхөн хаан эзний сүнс сүлдийг сахин хамгаалж, тахиж байх үүрэг хүлээлгэсэн тул “Шар дархад” хэмээх болжээ. Чингис хааны онгон нь нийт монгол үндэстний ариун дагшин шүтээн, тахилгын орон болж байв. Ийм учраас нэгэн үе Монголын хаан, жонон өргөмжлөх төрийн ёслолыг Ордосын найман цагаан өргөөнд, Чингис хааны тахилгын газар гүйцэтгэдэг уламжлалтай.