Танилцуулга

XIII зуун нь Монголчуудын үе байсан хэмээн дэлхий дахинаараа нэгэнт хүлээн зөвшөөрч гайхан биширсээр байгаа нь тохиолдлын хэрэг биш юм. Энэ зуунд Монголчууд дэлхийн түүхийн тавцан дээр гэнэт тэсрэлт болон гарч ирсэн нь хүмүүн төрлөхтөний түүхийн зүй тогтлоор үүдэн гарсан урьд хожид гараагүй хосгүй явдал билээ.

 XIII зуунд Өрнө, Дорнын олон улс түмнийг нэгэн төрийн дор оруулсан Монголчууд нь дэлхий дахины улс төр, соёл урлаг, худалдаа бизнесийн орчныг  хөдөлгөөнд оруулсан гэж үздэг бөгөөд Монголчууд ертөнцөд хүчирхэг явсан түүхийн үнэн дүр зураг, удам сайт оюун санаа нь өнөөгийн бидний ой ухаан, бие сэтгэлд шингэн үлдсэн билээ. Харин бид Чингэс хааны удирдлагаар  дэлхийн талыг эзэлж байсан XIII зууны үеийн ахуй амьдрал, ёс заншил, цэрэг дайны тухай кино дэлгэц, сонин сэтгүүл, театрын тайзнаас харж  мэдэж болох ч өөрөө яг тэр орчин дотор нь  алхаж явах боломж байхгүй билээ. Гэвч бид бүхэн энэхүү боломжийг бий болгон өвөг дээдсийнхээ амьдарч байсан тэрхүү агуу он цагийг нийт Монголчууддаа төдийгүй дэлхий дахинаа нээн үзүүлэхийн тулд “XIII Зуун цогцолбор” төслийг амжилттай хэрэгжүүлэн ажиллаж байна.

            “XIII Зуун цогцолбор” нь Улаанбаатар хотоос 96 км зайд Төв аймгийн Эрдэнэ сумын нутаг Ёл уулын эргэн тойрон  88 га газарт байрлаж байна. Төслийн хүрээнд XIII зууны Монголчууд хэрхэн амьдарч, хөдөлмөрлөж  байсныг бодитоор бий болгон зочдыг тухайн цогцолборт саатсан хугацаанд нь цаг хугацаагаар аялсан мэт сэтгэгдэл төрүүлэх бичил хаант улс байгуулах зорилт тавьсан билээ. “XIII ЗУУН” цогцолбор нь эрт үеийн Монголчуудын хүчирхэг дайчин түүхийн халуун мөр, дүр зураг, амьдарч байсан орчин ахуйн үнэн дүр төрх, аж байдал, сэтгэл зүйн уур амьсгалыг бүрдүүлсэн аялал жуулчлал, амралт зугаалгын орчин, хөшөө дурсгал, үзвэр үйлчилгээний бүхэл бүтэн цогцолбор юм. Энэ улсад хааны хатуу хууль үйлчилэх бөгөөд цахилгаан, зурагт, коко кола, гар утас гэх зэрэг зүйлс огт үгүй юм.

Цогцолборт  Монгол үндэсний аж амьдрал, ёс заншлыг харуулсан хонио ноослон эсгий хийх, төл малаа хөнгөлөх гэх мэт зан үйл болон жилд ганц зохиох Туг, Тэнгэр тахих зан үйл, Хурим найрын ёслол, Гүү барих, Үрс гаргах, Унага тамгалах, Эрийн 3 наадам зэрэг онцгой тэмдэглэлт ёслолуудыг үзэх боломжтой.  

Цогцолборын төв хаалган дээр  “Эрхэм зочин та ертөнцийн гайхамшиг, өнө эртний Монголын хилийн дээсийг алхах гэж байгаа тул ирсэн унаанаасаа бууж, гэрэгэ, пайзаа үзүүлэн нэвтрэгтүн. Та зөвхөн манай ёс жаягийг дагах ёстой. Эл газар нутагт хөл тавьсан хэн боловч ертөнцийн цаг хугацааг тэс өөрөөр мэдрэх болно.  Цагийн зүү нар жаргах зүгээс биш, наран мандах зүгээс эхлэн хөдөлж байсныг санагтун. Цагаас бүү айхтун. Харин түүнийг сөрөхтүн” гэсэн хааны зарилгийг бичсэн байх юм. 

Бүтээн байгуулалт

Тус цогцолборын бүтээн байгуулалт 2006 оноос эхэлсэн бөгөөд  одоогийн байдлаар дараахь отгууд ашиглалтанд орж  дотоод, гадаадын жуулчдад үйлчилж байна. 

 

Өртөө улаа,  харуул хамгаалалтын отог:

Энэ отог нь цогцолборын хил хязгаар дээр байрлах бөгөөд гаднаас цогцолборт нэвтэрч буй хүний “Гэрэгэ”-г шалгаж цогцолборлуу нэвтрүүлнэ. Хаант улс доторхи дэг журам, “Их засаг” хуулийн биелэлтийг чанд сахиж мөрдүүлнэ. Энд улаач нар байрлах бөгөөд гаднаас ирсэн жуулчдыг сүйх тэрэг, жууз тэрэг, морь, тэмээ унуулан дагуулж “XIII зуун” цогцолбортой танилцуулан таны хөтчөөр явах болно.

 

Урчуудын отог:

 Эртний Монголчууд тэр дундаа  XIII зууны үеийн Төв Азийн нүүдэлчдийн эр хүн бүхэн төмрийн дархан байсан хэмээн түүхчид тэмдэглэсэн нь бий. Тэмүүжин гэдэг нэр нь төмрийн дуу гэсэн үг утгатай үг бөгөөд Чингэс хаан багадаа төмрийн дархан байсан гэж хэлэлцдэг тухай 1250-иад онд Монголын их гүрний нутгаар хөндлөн гулд аялсан Ромын Пап ламын төлөөний хүн тэмдэглэсэн байдаг.

Монголын уламжлалт уран дархчуудын хувьд 13-14 дүгээр зуун нь алтан зуун байсан гэхэд болно. Төмрийн дарханыхаа урлалын гайхамшигийг Монголчууд энэ л үед дэлхийд гайхуулсан билээ. Тэгвэл өнөөдөр “XIII ЗУУН” цогцолборын Урчуудын отогт төмрийн дарханы газар, уран дарханы урлан, Монгол үндэсний урлагийн нэг онцлогийг тусган харуулж байгаа бөгөөд ажиллах дархчууд өөрсдийн ур чадвар, сурсан сургууль, бүтээж ирсэн бүтээлийнхээ чамин тансаг ур хийцээсээ хамааран зэрэг дэвтэй байж, эрх ямба эдэлнэ. Монгол дархчууд өөрсдийн ойр зуур хэрэглэх төмрийн дархыг өөрсдөө хийж чаддаг байсан уламжлалыг сэргээж цогцолбор доторхи аж ахуйг төмрийн тоног хэрэглэлээр хангаж дотоод гадаадын жуулчдын хүсэлтээр жижиг чимэглэл, бөөгийн дурсгал, зан үйлсийн зүйлс  хийж худалдаалан арилжаалах юм.

 Урчуудын отогт хааны гэр тэрэг, сүйх тэргээс аваад гэрийн мод болох хаалга тооно, хана болон гэрийн доторхи авдар ширээ, сандал, шүүгээ эрэгнэг, тавиур,  номын тавиур бүгдийг урлаж гүйцэтгэх юм. Мөн Монголчуудын эртнээс ахуй амьдралдаа хэрэглэж ирсэн гэрийн эсгий, эсгийгээр хийсэн ширмэл ширдэг, аравч, гэх мэт гар урлалын олон зүйлүүдийг эндээс үзэж харах боломжтой. Урчуудын отог нь энэ мэт төмрийн дархан, мужааны урлан, гар урлалын Монголчуудын эртний уламжлалт урлалыг сэргээн хөгжүүлэх, ур ухааныг нь хойч үедээ өвлүүлэх, жуулчдад нүүдэлчдийн зан үйл, ур ухаанаас  танилцуулах байгаль болон хүний биед хор хөнөөлгүй ахуйг бүрдүүлэхэд ач холбогдолтой юм.


 

Номын өргөө:   

Энд бичигтэн яндагтнууд уйгаржин бичиг урлалын болон бусад сургалт явуулах бөгөөд энд хүүхэд багачууд, ханхүү агиудыг бичиг эрдэмд сургана. Багачууд чөлөөт цагаараа шатар, оньсон тоглоом, шагай зэргээр оюун ухаанаа задалж хөгжилдөн наадна. Бичигтэнгүүд маань бичгийн урлангаас гадна цаас хийн, бар урлаж номын эх бэлтгэнэ.

Харийн хүнд уйгаржин Монгол бичгийг заан өөрийнх нь нэрийг бичүүлж сургах, үндэсний тоглоом наадгай тоглохыг заан сургах юм. Мөн Номын өргөөнөө урлаг соёлын шоу үзүүлбэр дэглэгч даамал байна. Мөн энд цогцолборын ажилчин албан хаагчид, тэдний үр хүүхдүүд, гадаад дотоодын жуулчдад зориулсан төрөл бүрийн сургалтууд явагдана. Үүнд: Монгол бичгийн сургалт, эсгий урлалын сургалт, Монгол сийлбэрийн сургалт, төрмийн дарханы сургалт, цэргийн, уртын дуу, морин хуурын сургалт, сүү цагаан идээний сургалт, мал маллах арга ухааны сургалтууд байна. Эдгээр сургалтуудыг сонирхсон хэн ч гэсэн тус отогт байрлан нарийн мэргэшсэн багшид шавь орж суралцах боломжтой.

Монголчуудын XIII зууны байлдан дагууллын гол хүчин зүйл бол цэрэг эрсийн эрдэм чадал билээ. Эртнээс Монгол цэрэг эрсийн байлдааны ур чадвар нь маш өндөр хөгжсөн бөгөөд олон хоногийн өл даах, хөдөлгөөнт бай харвах, дүүгүүр шидэх, жад шидэх, сэлмээр цавчих зэрэг зэвсгийн урлагийг гарамгай эзэмшсэн байсан. Энэхүү эртний баатруудын ур чадварыг өөрийн цогцолборын цэргүүдэд эзэмшүүлэх, жуулчдад  сургах, тэдэнд зориулсан тулааны үзүүлбэр үзүүлэхэд Номын өргөөнд байрлах Тулааны талбарын зорилго оршино.


Малчны отог:   

Одоогоос наандаж 10000 жилийн өмнөөс буюу шинэ чулууны төгсгөл үеэс адгуус амьтаныг дасгаж, гэрийн тэжээмэл болгож арьс мах, сүү, уналга хүчийг нь ашиглан, үр шимийг нь сайжруулан дээшлүүлж, Дорно Өрнийн алс газар орны нутагт аян дайн хийж байхдаа ч  малаа маллаж, нүүдэл суудлаа хийн өөрсдийн аж төрөх арга ухаан ирсэн түүх Их Монголынх билээ.

 Олон зуун дамжсан тэмцэл тулаан, хол ойрын дайн, он удаан үргэлжилсэн самуун хямралдааны дажин түйвээнд ч Төв Азийн цээжинд орших Монголчууд мал маллах арга ухаан, аж төрөх хэв маягаа алдалгүй өнөөг хүрсэн нь  гадаадын жуулчид, эрдэмтэн судлаачдын сонирхолыг татсаар байна.

“XIII ЗУУН” цогцолборт эрт үеийн яг тэр байдлаар 5-10  малчин айл болон 800 гаруй бог мал, 200 гаруй  бод мал нийлсэн 1000 гаруй малтай аж ахуй эрхлэн сүү цагаан идээ боловсруулан жилийн дөрвөн улирлын турш ажиллаж амьдарч байна. Зун унагаа уяж, гүүгээ саан айраг исгэж, хаан эзэн албат олондоо түгээнэ. Жуулчид ч айраг ууж, номхон морь тэмээ унахаас гадна жуулчид, үзэгчдийн өмнө эмнэг морь, даага, шүдлэн, байдас сургаж булгиулан, морь уургалж үзүүлэх үзүүлбэр болон унага даага, морь тамгалж, эмнэх, үрээ морь хөнгөлж агтлах, морь уях сойх зан үйлийн үзүүлбэрүүдийг үзүүлэх болно. Жуулчдад сонирхолтой үзүүлбэр үзүүлэх үүднээс уурганы толгой хийх, уурга залах, гүүгээ барьж унага уях, унагаа тамгалж тавих зан үйлийг үзүүлэхээс гадна малчид сүү цагаан идээгээ боловсруулах, ааруул ээзгий хатааж, бяслаг шахах жуулчид өөрсдийн сонирхолоор цагаан идээ хийх арга барилтай танилцаж болох юм.   

Бөөгийн отог:   

Бөөгийн шашин нь XIII зууны үед төрийн шашин байсан бөгөөд Их Эзэн Чингэс хаан өөрийгөө  мөнх хөх тэнгэрээс заяат хэмээн үзэж бөөгийн шашныг тэнгэр газартай холбогч гүүр болгон ашигладаг байсан. Бөөгийн отогт өөрсдийн хувь заяа өвөг дээдсээ тэнгэр газартайгаа холбон шүтэж ирсэн Монгол их гүрний хүмүүн ардын шүтээн болсон тэнгэр газрыг холбогч овоо тахилга, бөөгийн мөргөл зан үйлтэй холбоотой зүйлс байх юм.

Бөөгийн отог нь Монгол Туургатны овог овгийн их бөө, удган нар нэгэн тэнгэрийн дор нэгэн галын дэргэд хурж, нэгэн үйлийг нэгдмэл санаагаар зорин өөр өөрийн овог удмын заншлаар Гучин гурван хурмаст тэнгэрийг тахих галын их тайлга ёслолыг үйлдэж, оюун эрдмийг тань тэтгэж, энх мөнхийг хайрлаж, засаг төрийн тамгыг барилцан буусан үйлийг захирдаг бөгөөд байгаль дэлхий, мал адгуусны буян хишгийг тэтгэх зан үйлийн ёслолыг хийж байх юм.


    Мөн арван тавны сар, долоон бурхан одыг тахих ёслол, овоо тахих, нар сар хиртэх үзэгдлийг ажиглан, одон орны хас оргилыг хариуцах юм. Их бөө удган нарын хийж буй зан үйлийн ёслолыг үзэж харах болно.

 

Хааны өргөө:   

Цогцолборт гадна дотны жуулчдыг ирэхэд сонирхуулах төрөл бүрийн хөтөлбөрүүд, найр наадам, төрөл бүрийн арга хэмжээнүүд хааны өргөөнд зохиогддог.  Энд та Монгол үндэстэний олон төрлийн идээ ундааны дээдээс бүрдсэн хоол цайгаар дайлуулна. “Алс холын тэртээгээс уртын урт аян замыг туулан айлчлан ирсэн харь орны элч, төлөөлөгчдийг хар цагаан сэтгэл өвөрлөж ирснийг тооцон өргөө гэртээ оруулж идээ будаагаар дайлахтун” гэсэн дээд тэнгэрээс заяат их хааны зарлиг байдаг билээ.

Энэ зарилгийн дагуу бид бүхэн гадаад дотоодын хол ойроос ирсэн бүх зочид гийчдийг нэгэн сэтгэлээр хүлээн авч, ижил үйлчилгээ үзүүлнэ. Та “Хааны Их Дайллага”-ны үеэр таарвал хамгийн хүндтэй зочноор тодорч хааны сэнтийд мөр зэрэгцэн сууж Их хаантай хундага сархад тулган уух, таван тансаг идээгээр дайлуулж, дээдийн дээд идээ ундааг зооглож, эрхэм дээд хүндэтгэлийг мэдрэх болно. Мөн хааны шадар сайд, жанжин, хатдын өргөөгөөр айлчилан, зочдын өргөөнд саатан тухлах боломжтой.